Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар байгуулагдсан монгол-оросын хамтарсан шинжээчдийн ажлын хэсгийн ээлжит бус хуралдаан эрхүү хотод боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр зорилт болгосон 14 мега төслийн нэг болох Эгийн голын усан цахилгаан станц (ЭГУЦС) төслийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх зорилгоор “Монгол-Оросын эрдэмтдийн ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэрхүү ажлын хүрээнд Монгол талын ажлын хэсэг 2025, 2026 онуудад гүйцэтгэх “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлж болзошгүй өөрчлөлтийг тодорхойлох судалгаа” сэдэвт суурь судалгааны ажлын даалгавар, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангаар эцэслэн батлуулсан юм.
Энэхүү суурь судалгааны ажлыг Оросын талын боловсруулсан техникийн даалгавартай харилцан уялдаатай, хамтран үр ашигтай ажиллах, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилгоор Монголын баг ОХУ-ын Эрхүү хотод 2025 оны 5-р сарын 11-ээс 15-ны хооронд албан томилолтоор ажиллаа. Томилолтын үеэр болсон хуралдаанд Монголын ажлын хэсгийн боловсруулсан “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлж болзошгүй өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”-ны ажлын даалгавар, гүйцэтгэх төлөвлөгөө, оролцох эрдэмтэн, мэргэжилтнүүдийн талаарх танилцуулгыг ШУА-ийн ерөнхийлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл танилцуулав. Үүнээс гадна Оросын талын ажлын хэсгийн ахлагч академич В.И.Бычков, эрдэмтэн В.М Никитин, эрдэмтэн В.А.Саньков болон бусад эрдэмтэд хуралд оролцож, ОХУ-ын ШУА-ийн багийн гүйцэтгэсэн ЭГУЦС төсөлтэй холбоотой судалгааны ажлын даалгавруудыг танилцуулсан. Хоёр талын танилцуулгууд дээр оролцогчдын саналуудыг тусган сайжруулж, дараах шийдвэрүүдийг протоколоор баталгаажуулав. Үүнд:
1. Монгол талын шинжээчдийн ажлын хэсгийн боловсруулсан “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлж болзошгүй өөрчлөлтийг тодорхойлох судалгаа”-ны ажлын даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг талууд харилцан хүлээн зөвшөөрч, редакцын засвартайгаар батлав.
2. Энэхүү хамтарсан судалгааны ажлыг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн захирал, доктор А.Дашцэрэн, ОХУ талаас Л.А.Мельентевийн нэрэмжит Эрчим хүчний системийн институтийн Усны эрчим хүч ба усны аж ахуйн системийн лабораторийн эрхлэгч, доктор В.М.Никитин нар удирдахаар тохиров. Мөн судалгааны чиглэл бүрээр хүсэж буй үр дүнг гаргаж чадахуйц арга зүй, зохион байгуулалтыг хариуцах монгол, орос эрдэмтэн судлаачдын ахлагчдыг томилж, судалгааны бүлэг бүрийг эзэнтэй болгосон. Судалгаанд оролцох эрдэмтэн судлаачид 6-р сарын 1-ээс өмнө гүйцэтгэх ажлын нэр төрөл, арга зүй, мэдээллээ солилцож нэгтгэсэн байх юм.
3. Талуудын хамтарсан 2 дугаар хуралдааныг 2025 оны 7 дугаар сард зохион байгуулахаар хойшлуулав.
Томилолтоор ШУА-ийн ерөнхийлөгч, академич, Монгол талын ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл нарын 6 гишүүн, Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдэх 3 мэргэжилтэн ажилласан болно.

Бусад мэдээлэл